МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН ЗЭЭЛДЭГЧ, ХАРИЛЦАГЧ НАРЫН АНХААРАЛД

Мал хамгаалах сан нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн байрнаас нүүж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1 дүгээр давхарт байрлаж байна.
Тус сантай холбоотой өргөдөл, санал хүсэлтийг доорх хаягаар хүлээн авч байна.
Баянзүрх дүүрэг 1-р хороо Засгийн газрын 9б байр

Бизнес форум-2015

ХХААЯам Япон улсын Шизүока мужтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр орны "Бизнес форум" амжилттай боллоо. Форумд Японы талаас хүнс, газар тариалангийн зориулалттай монореьл, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, хөдөө аж ахуйн зөвлөгөө, махны худалдаа, үл хөдлөх, хог хаягдал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бордоо үйлдвэрлэл, цахилгаан, эрчим хүч, ногоон цайны үйлдвэрлэл, халамж өндөр наснты асрамжийн үйлчилгээ, шашны эд зүйлийн худалдаа, чандар оршуулгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 аж ахуй нэгжийн 150 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Харин манай талаас дээрхи чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон ийм төрлийн бизнес эрхлэх сонирхолтой 100 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. Цаашид хоёр орны хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажлуудын нэгээхэн хэсэг нь энэхүү “Бизнес форум” юм. Дэлхий нийтээр органик, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед манай улс Япон улстай “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээр байгуулсан нь Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, түншлэгч, хамтрагч улс орон болох таатай боломж бүрдэж байгаа юм.

Нэг их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөдөө аж ахуйн биржийн 440 дэх удаагийн арилжаагаар 14 402.3 тонн хонины ноос- 25.2 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 938 тонн ноолуур 1 их наяд 230 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 477.4 тонн хонины завод ноос 1.8 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр, 1 576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус зарагдаж, нийт 1 их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. ХАА-н бирж дээр одоогийн байдлаар 9 төрлийн ноолуур, тэмээний ноос 8 , хонины ноос 6, тосны ургамал 2 , ямааны завод ноос 2 , тэмээний завод ноос 1 , хонины завод ноос 1, мал 1 , түүнчлэн хүнсний буудай 2 төрлөөр тус тус арилжигдаж байна.

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

ХХАА-н сайд Р.Бурмаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатарыг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж байгааг онцлон тэмдэглээд, Төрийн тэргүүн нарын түвшинд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдсэн яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулах шаардлага байгааг зөвшөөрч, ажил хэрэгч саналуудыг дэвшүүлэв. Сайд Р.Бурмаа Өвөр Монголоос мах, сүүний чиглэлийн үржлийн ямааг импортлон, манай орны цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг хүслээ. Тэрээр цаашид Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон малыг ялган тэмдэглэх, гарал үүслийг тогтоох тогтолцоог бэхжүүлэх, дотоодын нөөц бололцоонд түшиглэн тэжээл үйлдвэрлэж сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний тэжээллэг чанар, гарцыг нэмэгдүүлэх мөн малын эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр техник арга зүйн туслалцаа авах, сургалт зохион байгуулах, хил дамнасан малын халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулж ажиллах зэрэг хамтын ажиллагааны тодорхой саналыг дэвшүүллээ. Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол суманд байгуулах гэж буй хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд өндөр үржил, шимтэй үүлдрийн мал нутагшуулах, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахад Өвөр Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Газар тариалан таримлын үр, хүнсний ногоо, тэжээлийн ургамал болон усжуулалтын чиглэлээр хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, бизнес эрхлэгчдийг холбох, хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал жимс, хүнсний ногооны худалдаа эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах нөөц бололцоо байгааг талууд зөвшөөрч, анхаарч ажиллахаар боллоо. Сайд Р.Бурмаа манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчин, фермерүүд, инжинерүүдийг Өвөр Монголд богино, дунд хугацааны сургалтанд тогтмол хамруулах, сургалтын болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг Баатар даргаас хүслээ. Уулзалтын төгсгөлд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатар манай талын тавьсан хамтын ажиллагааны саналуудыг нааштайгаар хүлээн авч, ойрын хугацаанд хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулахаа илэрхийллээ.